Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчээ авлаа 2016 оны 5 сарын 12

Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2016 оны 5 дугаар сарын 7, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Баярцогт болон Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу, Рио Тинто группын Гүйцэтгэх захирлын орлогч Жан-Себастьян Жак тэргүүтэй зочид Оюу Толгойн уурхайд зочилж гүний уурхайн бүтээн байгуулалтын гарааны ёслолд оролцлоо.

“Оюу Толгой төсөл өнөөдрөөс эхлэн албан ёсоор бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюу Толгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болж байна. Оюу Толгойн хөрөнгө оруулалт нь манай түншүүд Оюу Толгой компани болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж байгаагийн тод илэрхийлэл болж, Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдснийг мөн харуулж байна. Энэ нь дараа дараачийн хөрөнгө оруулалтуудыг татахад түлхэц болж, Монголын эдийн засгийг бэхжүүлэх учиртай” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ёслолын арга хэмжээний үеэр хэллээ.

Мөн тэрбээр “Оюу толгойн бодит нөөц бололцоог нээж, дэлхийд дуурсагдах зэсийн уурхайг бүтээн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу Толгой” компаниудад Монгол Улсын Засгийн Газрын өмнөөс, хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

·         Оюу Толгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь Монголд зарцуулагдана.

·         Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.

·         Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд шинээр 3000 ажлын байр бий болно. Үүнээс 1000 гаруй ажлын байр ойролцоогоор зургаан сарын хугацаанд бий болох тооцоотой байна.

·         Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээг хувь нийлүүлэгч талууд 5.3 тэрбум ам.доллараар баталсан.

·         Өргөжин томорч буй бүтээн байгуулалтын үр дүнд 2.2 тэрбум ам.долларыг ойрын жилүүдэд улсын төсөвт татвар, хураамж, төлбөр хэлбэрээр төвлөрүүлнэ.

 

 

 

“ЭрдэнэсМонгол” ХХК-ийн тухай (www.erdenesmongol.mn)

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан. Зорилгынхоо хүрээнд охин болон бүрэлдэхүүн компаниуд, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК нь дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг.

Холбообарих:

С.Солонго, +976 9900 0963, s.solongo@erdenesmongol.mn

Contact Us

15th floor, Chinggis Avenue 15 1st khoroo
Sukhbaatar District Ulaanbaatar 14240 Mongolia
+976 7555 - 3399
info@erdenesmongol.mn

Get direction